Өнцөг

Нийгмийн өнцөг

Уншигч та бүхнийг Дашдоржийн Сумъяа бүсгүйтэй танилцуулъя. Тэрээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд амьдардаг. Д.Сумъяа байшингийнхаа зургийг фэйсбүүкийн группд нийтэлснээр санаанд оромгүй олон хүний асуултад хариулах шаардлагатай болжээ. Ханьтайгаа 18 настайдаа танилцсан цагаасаа хойш хамтдаа өөрийн гэсэн байшингаа босгон аз жаргал дүүрэн амьдрах тэдний хүсэл биелж, энэ жил шинэ байшинтай болсон аж. Тав, арван мянга гэлтгүй цуглуулж, мөрөөдлийн байшингаа бодит болгох хүсэлтэй залуу хос хөдөлмөрийн үр шимээ хүртэж өнөөдөр тохилог сайхан байшингаа босгон нутагтаа аж төрж байна.

-Танай байшин цахимд маш олон хүний анхаарлыг татжээ. Бидэнд байшингаа босгосон түүхээсээ хуваалцаач?

-Манайх дээр үед оросуудын барьсан нийтийн орон сууцанд амьдардаг байсан. Одоогоос 7-8 жилийн өмнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын санаачилгаар гэр хорооллыг орон сууцжуулах газар чөлөөлөлтийг эхлүүлсэн. Манайх байшингаа барьсан газарт өмнө нь гэр хороолол байсан. Дөрвөн жилийн өмнөөс энэ хэсэг газарт орон нутаг, иргэдийн оролцоотойгоор дэд бүтэц үүсгэсэн. Ингээд 5-6 жилийн өмнөөс хувийн эзэмшлийн эко хорооллууд бий болгосон юм. Манайх эхний удаа газар авч чадаагүй ч дараагийн удаа өргөдлөө өгч, газартай болсон. Би өдөртөө 08:00-17:00 цаг хүртэл аймгийнхаа Засаг даргын тамгын газарт даргын туслахаар ажилладаг. Үндсэн ажлаа тарсныхаа дараа онлайн шопынхоо ажлыг хийдэг. БНХАУ-аас бараа захиалгаар авчирч зардаг. Сүүлийн дөрвөн жилд онлайн шоп ажиллуулж, нөхөртэйгөө хоёулаа хуримтлал үүсгэж, бизнес эрхлэгчийн зээл авснаар мөрөөдлийн байшингаа босгох эх үүсвэртэй болсон. Байшин маань таван өрөөтэй. 136 м2  талбайтай, дотроо гарааштай. Дулаан, бохирын шугамд холбогдсон. Энэ хэсэг газарт айлууд байшингаа бариад, хашаандаа мод тарьж сайхан орчныг үүсгэж байна.

-Байшингийн төсвийг маш олон хүн сонирхож байгаа байх?

-Бид бага төсвөөр чанартай байшин барих зорилготой байсан. Барилгын материал өвөл, хавартаа арай хямд байдаг. Гэхдээ бид барилгын материалын үнэ өссөн байх үед байшингаа барьсан. Байшинг барихад нэг сар 10 хоногийг л зарцуулсан. Барилгын компаниар бариулаагүй. Ердөө дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй барилгын баригад ажилласан. Гарын дүйтэй, хувиараа ажилладаг хүмүүс бий. Бид хотоос барилгын материалаа тээвэрлэж авчруулсан болохоор ачаа, тээврийн зардал өндөр гарсан. Зураг төсөвт мөнгө зараагүй. Интернетээс нэг давхар байшингийн зураг харж, өрөөний зохион байгуулалт зэргийг өөрсдөө гараараа зурж төлөвлөсөн. Нийт 70 орчим сая төгрөгөөр байшингаа барьсан. Гал тогооны өрөөний тавилгаа орон нутагтаа хийлгэсэн. Харин бусад бүх тавилгаа Хятадаас захиалсан юм. Энэ нь хямд тусдаг. Бид сая л бүрэн тохижиж дуусаж байна. Хашаандаа мод тарихаар нүхээ ухсан. Мөн хүүхдүүдээ тоглуулах талбай хийнэ. Орон сууц судалж үзсэн ч манайх шиг таван өрөө байр бараг 200 сая төгрөг дөхнө. Тийм мөнгөөр байр авах боломжтой залуус ховор байх.

 

ЦАЛИНГИЙНХАА 50 ХУВИЙГ ХАДГАЛЖ, 50 ХУВИЙГ ГЭРТЭЭ ЗАРЦУУЛДАГ

-Хуримтлал хэрхэн үүсгэсэн бэ?

-Илүү зардлуудаа танаад зуун төгрөг гэлтгүй цуглуулсан. Цалингийнхаа 50 хувийг хадгалж, 50 хувийг гэртээ зарцуулдаг. Онлайн шопынхоо орлогыг 100 хувь байшиндаа зарцуулсан. Анх мөнгөө хуримтлуулж эхлэхдээ эгчдээ хадгалуулж байсан. Эгч маань маш найдвартай, надад хамгийн их зөвлөдөг хүн юм. Жижиг ч гэсэн бизнес хийж байгаа бол баримт нотолгоогоо бүрдүүлэх хэрэгтэй гэж бодоод хар дэвтэр хөтөлсөн. Ингээд байшингийхаа тодорхой хувийг зээл авч босгосон.

-Бидэнд гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Бид ам бүл дөрвүүлээ. Хоёр охинтой. Нөхөр маань “Мобиком” корпорацийн Сүхбаатар аймаг дахь салбарт менежер хийдэг. Манай нөхөр сургуулиа төгссөн цагаас хойш “Мобиком” корпорацид ажилласан. Манай нутгийнхан Моби Ганбаа гэж хочилдог. Би арван найман настайдаа нөхөртэйгөө анх танилцаж байлаа. Хамтдаа сайхан гэр оронтой болно гэж ярьдаг байсан. Үндсэн ажлынхаа сарын цалинг авахаас гадна онлайн шопынхоо орлогоор хуримтлал үүсгэсэн. Би гэртээ хүүхдээ харж байхдаа онлайн шоп ажиллуулж эхэлсэн. Хүмүүс ажлынхаа хажуугаар амжихгүй, цаг зав их хэрэгтэй зэргээр шалтаг тоочдог. Гэхдээ ажлаа тарсны дараа цаг гаргаад хийх бүрэн боломжтой. Би цайныхаа цагаар хүртэл хүргэлт хийж, бараагаа аваачиж өгдөг.

-Мөрөөдлийн байшиндаа амьдрахад танай гэр бүлийнхний сэтгэгдэл ямар байв?

-Би байшинтай болно гэж байнга ярьдаг байсан. Энэ жил чадахгүй байсан ч дараа жил байшингаа барина гээд ярих дуртай байлаа. Амны билгээс ашдын билэг гэж гэр бүлээрээ шинэ байшиндаа орсон. Хичээвэл мөрөөдөл биелдэг юм байна гээд бүгд маш их баярласан. Нутагтаа, эрүүл агаарт, газраа өмчлөөд байшингаа бариад амьдрах бидний хувьд бол жаргал юм.

-Онлайн бизнесийг анх хэрхэн эхлүүлж байв?

-Би 2018 онд амаржсан. Хүүхэд маань 1000-д нэг тохиолддог саажилтын оноштой байсан. Би хүүхэдтэйгээ Улаанбаатарт Эх нялхсын төвд сар гаруй хэвтсэн. Тухайн үед санхүүгийн байдал хэцүү, эмчилгээний зардал хүрэлцдэггүй байлаа. Би хүүхдээ эмчлүүлэхээр бүтэн жил ажлаасаа чөлөө авсан. Удаан хугацаанд хотод байхад зардал их гардаг байв. Яг тэр үед онлайн шоп цэцэглэж байсан үе юм. Ингээд хятад сайтаас хэрхэн бараа захиалдаг тухай судлаад, зориглоод хамгийн анх 500 мянган төгрөгөөр бараа захиалсан. Хүүхдээ харангаа хажуугаар нь яаж мөнгө олох вэ л гэж бодогддог байсан. Хоёр шар тортой бараагаа зах руу аваачин хямд зарна. Нутаг руу, нөхөртөө явуулна. Нөхөр тэнд бараагаа зарна. Ийм үе бидэнд байсан. Онлайн шопын давуу тал нь лангууны түрээс төлөхгүй. Тиймээс хямд зардаг. Онлайн шоп ажиллагаа ихтэй. Бүх хүмүүсийн захиалгыг нэг бүрчлэн авч, таалагдсан, таарсан барааг нь захиалж өгнө. Гүйлгээгээ бүртгэнэ, бичнэ. Жаахан хүүхэдтэй болохоор сууж ажиллахад хэцүү. Тиймээс гараашныхаа гаднаас ордог хаалга хийлгээд, ажлын өрөө тохижуулсан. Онлайн шоп ажиллуулахад үйлцүүлэгчдийнхээ санаанд тааруулж ажиллах гэж их хичээнэ. Хааяа загнуулна. Би чанаргүй барааг буцааж солих, томдсон, багадсан барааг эзэнд нь зарж өгөх зэргээр уян хатан байхыг хичээж ажилладаг.

ЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВӨӨР ХЭРЭГЛЭВЭЛ ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭР БОЛГОЖ БОЛНО

-Та үндсэн ажлаа тараад хувийн бизнесээ хийдэг гэхээр маш завгүй хүн байх нь.

-Тийм ээ. Маш завгүй ажилладаг. Хаа ганц найз нөхөдтэйгөө уулзах үед ч “бараа ирлээ” гээд л дуудагдана. Бараа нь ирсэн хүмүүс рүүгээ орой нь “Хаана хүргүүлж авах вэ” гээд чат бичээд үлдээдэг. 12 цаг хүртэл оройдоо бараагаа ялгана. Маргааш нь хүргэж хүмүүстээ хүргэж өгнө.

-Нийгэмд уриалга дэвшүүлэн ярилцлагаа өндөрлөе. -Мөнгө хамгийн чухал зүйл биш. Эрүүл мэнд хамгийн чухал. Би эрүүл мэнддээ анхаарч суурь шинжилгээнүүдийг тогтмол өгөхийг хичээдэг. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь маш чухал. Завгүй гэхээсээ илүү хэрэгтэй зүйлдээ зав гаргах хэрэгтэй. Цахим орчныг зөвөөр хэрэглэвэл орлогын эх үүсвэр болгож болно. Ярилцлагын төгсгөлд намайг үргэлж дэмждэг гэр бүлийнхэн, найз нөхөд, аймаг, орон нутгийн удирдлага, манайхыг сонгодог үйлчлүүлэгч нартаа баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

-Намайг урьсанд баярлалаа.

Эх сурвалж: gogo.mn

 

 

error: Content is protected !!