Өнцөг

Нийгмийн өнцөг

КОВИД-19 амаргүй эд байдаг шүү. Би энэ сарын 19-нд өглөө босоод усанд орохдоо шампуний үнэр мэдрээгүй, сахлаа хусаад сахлын усны үнэр мэдрээгүй. Байдал эвгүйтсэнийг мэдээд Өрхийн эмнэлэгтээ түргэвчилсэн шинжилгээ өгч эерэг хариу гарсан. Урд өдрүүдэд нь халуурах, ханиалгах ямар нэгэн зовиур илрээгүй юм. Эерэг хариугаа аваад өрхийн эмчдээ чагнуулж эмчилгээ бичүүлээд засгаас өгөх эмчилгээний багцаа авах гэтэл, залуучуудад багц байхгүй. Төсөв нь байхгүй, хүүхэд настайчуудад өгч байгаа гэсэн. За тэгээд өөрөө эмийн сангаас эмээ аваад гэртээ эм тангаа уусан.

9 настай хүү маань хиржигнүүртэй ханиалгаад гэрийхнээ шинжилгээ өгүүлье гэхээр 6 хоногийн дараа өг, түүнээс нааш хариу нь зөв гарахгүй гэсэн заавар өрхөөс өгсөн. Нэгэнт гэртээ нэг агаараар амьсгалж байгаа учир санаа зовоод эхнэр, хоёр хүүгээ түргэвчилсэн шинжилгээнд хоёр хоногийн дараа буюу 21-нд хамруултал эерэг гарсан. Эрт мэдсэн нь хамгийн чухал байлаа. Ингээд хоёр хүү маань багцаа авч эхнэр мөн л адил эмчилгээний багцад хамрагдахгүй учир эмийн сангаас эм тангаа авлаа. Зиак ингээд гэрээрээ улаан бүс болоод халдвар хамгаалалын дэглэмээ сахицгааж эхэллээ дээ. 10/23 нд өрхөөс ирж чагналаа. Гэхдээ өөрсдөө ярьж, шаардаж байж дуудлага өглөө. Манай 3 дажгүй харин миний баруун уушиг хиржигнүүртэй, эмнэлэгт хэвтэх нь зөв гээд онцгой комиссд бүртгэхээр өрхийн эмч тэмдэглэл хөтлөөд явсан.

Таван настай бага хүү маань 22-ны өглөө халуурч хөл, толгой нь өвдсөн. Лаа хийгээд буцаад хурдан сэргэсэн. Хүүхэд дархлааг нь сайн дэмжвэл гайгүй бололтой юм шиг. За тэгээд эмнэлгийн хувиарлалтыг хүлээн утсаа чагнаж амралтын өдрүүдийг өнгөрөөж даваа гаригийн өглөө холбогдсоноор Баянзүрх дүүргийн эмнэлэгт ирэн эмчлүүлж байна. Эмчилгээ сайн юмаа. Томографт уушги цээж харсан. Үнэхээр баруун уушги хатгаа болсон байж. Эерэг гарснаас хойш гүйлгэж, толгой маш аюултай өвдөж байсан. Одоо хүртэл үнэрлэх мэдрэмж сэргээгүй л байна. Харин би огт халуураагүй. Одоогоор зөвхөн би эм, нэмэлт дархлаа дэмжих аарц чацаргана гээд 800.000 орчим төгрөгийг зарцуулаад байна.

За яахав мань мэт шиг дундаж гэр бүл даван туулах л байх. Өглөө эртлэн босч хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажилдаа уралдан очдог цалин орлого бага залуу гэр бүлүүд энэ тахалыг хэрхэн даван туулах вэ. Тэмбүү өвчин авбал хохь нь, гэвч энэ Ковид чинь бидний дэргэд хамар дээр минь байж жаахан дархлаа сулрахыг анаад байж байна шүү дээ. Өрхийн эмч ерөнхийдөө хүн бүрт ижил эмний нэр бичиж, нөгөө эм тариа нь эрэлтээ дийлэлгүй үнэ нь өссөн байх юм. Зарим эм олдохгүй эмийн сангийн үүдэн дээр гар дээрээс шаглаж байна гэж хамаатны эгч хэлж байналээ. Бид ч тэгээд олиггүй, сэтгэлгүй болждээ.

Нэгэндээ дэндүү хайргүй, новшийн болждээ. Эмнэлэгт ирээд нэг зүйл анзаарлаа. Ам дамжсан эмчилгээг гэрээр хийж улам хүндрүүлсэн өвчтөнгүүд өвчтнүүдийн багагүй хувийг эзэлж байна. Хориотой буюу банк тавих зэргээс эхлээд фэйсбүүкийг эмч гээд бодсон аль эсвэл эдгэсэн өвчтөний эмчилгээг өөртөө гэрээр хийсэн гэх зэрэг бидний нийтлэг алдаа, шинжлэх ухаанч бус, эмч нартаа итгээгүйн буруугаасаа болж маш хүндэрч ирж байна. За тэгээд ковид бидний хамар дээр байгаа шүү. Дархлаагаа хамгаалж дэмжээрэй, жаахан сулрахад цаадах чинь тэврээд л авна.

Тэврэх тэврэхдээ тархин дээр чинь шүдээ зоож, цээжийг нь тас тэвэрч, хоёр хөлөөрөө бэлхүүсийг чинь бахь шиг базна шүү. Эртхэн л шинжилгээгээ өгч, нэг гэрт байсан бол 6 хоногийг хүлээлгүй бусдыгаа шинжилгээнд хамруулаарай. Цаг л алдаж болохгүй шүү. Ер нь тэгээд эмч, сувилагч, асрагч нар үнэхээр сайн ажиллаж байна. Харин бодлогын талаар дараа нуршихдаа хэлье. ЖИЧ: Олон хүмүүс коммент хэсэгт олны танил хүнд хурдан ор олддог юм байна гэх сэтгэгдлүүд байналээ.

Би ер нь дараалал дайрч үзээгүй, ном журмаар нь явна гэж боддог хүн. Өвөө, эмээгийн өмнүүр, хүүхдүүдийн өмнүүр дайрч явах тийм ёс зүй надад байхгүй гэдгээ хэлье. Та харин ном журмын дагуу шаардлагаа тавиад, бүртгүүлээд явсан уу? Эсвэл зүгээр л бусдыг үзэн ядаад л юу ч хийлгүй сууна уу гэж асуумаар санагдах юм.

error: Content is protected !!