Өнцөг

Нийгмийн өнцөг

Загварын тайзнаас бууж, бизнест хүч үзээд буй А.Чингүүнтэй ярилцлаа. Тэрбээр үзэсгэлэнт гэргий, хоёр хүүхдэдээ хариуцлагатай сайн аав, нөхөр нь байхын зэрэгцээ хоббигоо хөгжүүлж, ажил хэрэг болгон бусдад үлгэрлэж яваа нэгэн юм.

-Та сошиалд тун идэвхтэй байдаг. Эхнэртээ зориулан урласан шүүгээний зургаа фэйсбүүк хуудаснаа оруултал, тавилга хийлгэх захиалгад дарагдаж, удалгүй тавилгын том үйлдвэртэй болсон талаарх мэдээлэл хамгийн их таалагдсан. Өмнө нь тавилга хийдэг байсан уу, эсвэл эхнэрийнхээ төлөө тавилга хийж сурсан юм уу?

-Эхнэр бид хоёр АНУ-д сурч байсан. Тэнд байхдаа би сурахынхаа хажуугаар тавилгын үйлдвэрт дөрвөн жил ажилласан. Тавилга хийх нь нэг ёсондоо миний хобби болсон. Дараа нь Монголд ирээд шинэ байранд орж, гэрийнхээ тавилгыг өөрөө хийсэн. Нэлээн орой 00.30 цагийн үед үүдэндээ сандалтай, жижиг шүүгээ угсарчихаад, зургийг нь фэйсбүүктээ оруулчихаад унтсан юм. Өглөө сэрсэн чинь тэр постыг харсан хүмүүсээс “Яг наадахыг чинь захиалъя” гэсэн 1000 гаруй захиалга ирж, 4000 орчим шейр хийгдсэн байсан. Тийм олон захиалга ирсэн болохоор энэ бүхнийг хийгээд үзье гэж шийдсэн. Ингээд Зуун айлын ойролцоо оффис түрээслээд хөрөө, наалтын машин худалдаж аваад багахан үйлдвэр ажиллуулсан ч захиалгадаа дарагдсаар байсан. Түрээсийн байраа томруулах шаардлага тулгарсан болохоор удалгүй, долдугаар сард өөрийн үйлдвэрийн барилгатай болсон юм. Хүн хоббигоо хөгжүүлбэл амжилт олдог гэдгийг эндээс ойлгосон. Эхнэртээ зориулж гутлын тавиур хийсэн пост олон хүнд хүрч, “Star Kitchen” тавилгын үйлдвэр байгуулах санааг өгч улмаар шинэ үйлдвэртэй болох хэмжээнд хүрнэ гэж яаж мэдэх вэ дээ.

-Загвар өмсөгч, цэмцгэр залууд тавилга хийх ажил тийм ч амар олдоогүй болов уу?

-Тэр түүх их хөгжилтэй. Эхнэр маань оройн цагаар хичээллэдэг болохоор ажиллах боломжгүй, миний хичээл 01.00 цаг гээд тарчихдаг тул хичээлгүй цагтаа ажил хийх шаардлагатай байсан. Их сургуульдаа орчуулга хийдэг, англи, орос хэлтэй байсан болохоор ажил хийхэд хэлний тал дээр надад асуудал байгаагүй. Ингээд ажил олох зорилгоор монголчуудын цуглаан дээр очсон юм. АНУ-д байгаа монголчууд ихэвчлэн чулуу, тавилгын үйлдвэрт ажилладаг ч хэн нь ч намайг ажилд авъя гэж хэлээгүй. Америкчуудын групп дээр “Хүчтэй, чадалтай, хувьдаа машинтай залуу ажил хайж байна. Ажлыг гололгүй хийнэ” гэсэн утгатай зар оруулсан. Уг посттой холбоотойгоор нэлээд олон санал ирсэн. Тэдгээрээс хоёр санал нь боломжийн юм шиг санагдсан. Нэг нь “нутаг буцах хүртэл ажлаар хангана” гэхээр нь очоод уулзтал урьд нь монголчуудын цуглаан дээр таарсан хүн байсан. Тэгээд тэр хүн “Энэ загвар өмсөгч залуу ажил хийж чадахгүй дээ. Гэхдээ шууд боломжгүй гэлтэй биш, хоёр хоног ажиллуулаад үзье дээ” гэж бодсон гэсэн. Би байнга бэлтгэл сургуулилт хийдэг байсан болохоор чулуу, тавилга өргөх надад асуудал биш байсан. Ингээд намайг үл ойшоож угтсан тэр хүнтэй дөрвөн жил хамтран ажилласан.

-АНУ-д ажиллаж, амьдарч байгаад Монголд ирэхдээ ямар ямар ажил хийх мөрөөдөлтэй ирсэн бэ. Зорилго, мөрөөдлөө биелүүлж чадаж байна уу?

-Ирээд шууд “Hunnu palace” зочид буудлын менежментийг нь хариуцахаар болсон. Ингээд ямар шинэ үйлчилгээг нэвтрүүлэх вэ гэж бодсон. Манай “Hunnu” Ази хоолоор ихэвчлэн үйлчилдэг байсан. Америкчууд хүссэн үедээ хоол захиалж, хоолоо хүргүүлж иддэгээс нь санаа аваад “Hunnu Asia food” хүргэлтийн хоолыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Энэ хоорондоо тавилгын үйлдвэртэй болсон.

Миний мөрөөдлүүд биелсээр байгаа. Би мөрөөдлөө амьд байлгах дуртай. Спортод тэр дундаа сагс тоглох дуртай. Спортод хоббитойгоос гадна өөрийн гараар ямар нэгэн зүйлийг бүтээх, бүтээлч байдалд дуртай. Энэ жилдээ багтаагаад тавилгын хоёр дахь үйлдвэрээ байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

-Эхнэртэйгээ хаана, хэзээ танилцаж байсан бэ?

-Арван жилийн сурагч байхдаа бид танилцсан. Дараа нь манай эхнэр “UBS” телевизэд хөтлөгч хийж, би “Боловсрол” телевизэд цаг агаарын хөтлөгч хийдэг байхдаа илүү сайн танилцсан. Манай хүнд хүн татах өвөрмөц чанар байдаг. Гэр бүлийнхэн нь боловсрол өндөртэй хүмүүс болоод ч тэр үү маш даруу, төлөв, дотроосоо гэрэлтэж байдаг, бусад эмэгтэйчүүдээс ялгардаг эмэгтэй /“Их засаг” их сургуулийн захирал Г.Ням-Осорын бага охин, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Н.Ундрал/ Энэ байдал нь намайг татсан.

–Өөрийгөө хүчтэй, чадалтай гэх зэргээр ярих таны өөртөө хэт итгэлтэй гэмээр энэ байдлыг эхнэр тань хэрхэн хүлээж авдаг вэ?

-Чи өөртөө дэндүү итгэлтэй шүү л гэдэг. Заримдаа “Чи арай л хэтэрхий өөртөө итгэлтэй байна” гэдэг. Гэхдээ залуу хүн зоригтой, хүсэл тэмүүлэлтэй байж л зорьсондоо хүрнэ. Зориг гаргаад тавилгын үйлдвэр байгуулахаар зүтгэсэн, нэлээд зүдэрсэн ч ард нь гарсан. Хүн бүрийн хийдэг ажил биш юм билээ.

-Таныг дагалддаг нэг зүйл нь таны өмнөх амьдрал. Топ модель Ч.Содтуяагаас яагаад салсан юм бэ. Одоо охинтойгоо уулздаг уу?

-Хосууд бүгд л болж, бүтнэ, хамтдаа амьдарна гээд нийлдэг. Амьдралын явцад салж сарних олон шалтгаан, тохиолдол байдаг юм билээ. Тийм зүйл л бидний дунд болсон юм. Тухайн үед залуу ч байж, ойлголцож чадаагүйгээс бид хоёр тийш болсон. Бидний дундаас хөөрхөн охин мэндэлсэн. Охин маань надтай адил их том, биерхүү. Ер нь миний хүүхдүүд биерхүү байдлыг маань дуурайх юм шиг ээ.

-Баян айлын охинтой гэрлэхийн тулд Ч.Содтуяагаас салсан гээд л зарим хэвлэлээр бичдэг. Та ийм мэдээллийг олж уншсан л байх. Энэ бүхнийг та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Би сөрөг зүйлийг ойшоодоггүй. Фэйсбүүктээ ч дандаа эерэг зүйлийг постолж байдаг. Би баян айл хайж яваад эхнэртэйгээ суучихсан биш. Бид цэвэр зүрх, сэтгэлээрээ холбогдсон хос. Хамтдаа илүү сайхан ирээдүйг бүтээнэ гээд л ханилсан. Хамтдаа мөрөөдлөө биелүүлэхээр хөдөлмөрлөсөөр байна. Зургадугаар сараас зээл бүтчихвэл дараагийн тавилгын үйлдвэр байгуулах ажилд ханцуй шамдан орох гээд зүтгээд л явна.

-Сурч боловсрохыг орхигдуулдаггүй юм билээ. Саяхан эрх зүйч мэргэжлээр сургуулийг нь дүүргэсэн. Цаашид ямар чиглэлээр суралцах вэ?

-Хадмууд маань боловсролыг эрхэмлэдэг. Намайг АНУ-аас ирэнгүүт “Их засаг их сургууль”-ийн Эрх зүйчийн ангид бүртгүүлчихсэн байсан. Намайг ирэхэд хичээл эхлээд хоёр долоо хоног болсон байсан ч үргэлжлүүлэн сурсан. Өнгөрсөн жил сургуулиа дүүргэсэн. Хууль амьдралд маш их хэрэгтэй. Хуулийн чиглэлд их хоббитой болчихоод байгаа. Энэ чиглэлээр үргэлжлүүлэн магистр хамгаалах төлөвлөгөөтэй байгаа.

-Та эмээ, өвөөгийн хүүхэд гэдэг нь ажиглагдсан. Таны аав, ээв ямар хүмүүс байдаг вэ. Та хэнийг нь дуурайсан ийм өндөр биерхүү вэ?

-Аав, ээжийгээ оюутан байхад, ОХУ-ын Ленинградад төрсөн ч өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө маань миний бахархал. Өндөр биерхүү байдал маань өвөөгөө дуурайсан, царай төрөх маань эмээгээ дуурайсан. Миний өвөө М.Ширчинсүрэн гэж Нацагдоржийн нэрэмжит шагналтай зохиолч хүн байсан. Өвөө олон жилийн өмнө нас барсан. Эмээ маань саяхан, он гаргаад нас барахад, долоо хоног шокын байдалтай байлаа. Эмээдээ маш их хайртай, хайр, халамж байгаа бүхнээ зориулдаг, байнга сувилалд явуулдаг, байнга эмчилгээ хийлгүүлдэг байсан ч орчлонгийн жамаар эмээгээ алдчихлаа. Эмээгээ маш их үгүйлж байгаа ч би үр хүүхдүүдээ зөв, сайн хүн болгон хүмүүжүүлж, ачийг нь хариулна гэж боддог. Ээж маань Монголын үндэсний телевизэд 18 жил инженерээр ажилласан, аав маань түүхч мэргэжилтэй. Одоо ээж, аав маань хувиараа жижиг бизнес эрхэлдэг.

-Яагаад загвар өмсөхөө больчихсон юм бэ. Гэхдээ танд одоо ч хамтран ажиллах санал ирдэг л байх?

-Загвар өмсөхөд залуу насны сонирхол хөтөлсөн. Мэргэжил болгоод явахад Монголын нөхцөлд хэцүү. Хааяа хамтран ажиллах санал ирдэг. Үнэ дээрээ тохирч чадахгүй байгаа.

 

error: Content is protected !!