Өнцөг

Нийгмийн өнцөг

“Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртэж, шагнал гардуулах ёслолын үеэр Марка Поло кинонд тоглох болсон тухайгаа дуулгаж, монголчуудын сонор, сэтгэлийн баясгаж байсан ахмад жүжигчин бол А.Цэгмэд юм. Тэрбээр 60 гаруй жил урлагийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нэгэн. Түүнтэй ярилцаж, эмэгтэй хүний сэтгэлийн хат, эмзэг хийгээд хүчирхэг чанарыг үг бүрээс нь мэдэрч, “тольдсондоо” сэтгүүлч миний бие туйлын олзуурхаж байна.

Урлаг, спортыг хослуулж, уран бүтээлч, улсын данстай тамирчин гэх хоёр тодотголоор “овоглогдож” явсан залуу цагийн дурсамжаас нь эхэлсэн бидний яриа амьдралын нугачаа, алтан тайз, анд нөхөд гэж хөвөрсөөр багагүй хугацаанд үргэлжилсэн юм. Амьдралын эргэлт, хувь тавилангийн эрхэнд алтан тайзнаасаа “холдох” үедээ ч түүний сэтгэл урлагаас ер хөндийрч байгаагүй нь хариулт бүхнээс нь “ханхалж” байлаа.

-Хүмүүс таныг жүжигчин гэдгээр нь андахгүй. Харин залуу насандаа спортын салбарт мандаж явсныг нь төдийлөн мэддэггүй байх. Спортын мастераас урлагт хөрвөсөн түүхээс нь яриагаа эхлэх үү?

-Намайг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэж миний буурал ээж хуучилдаг байсан юм. Эмэгтэй хүүхэд даруухан, удаан хөдөлгөөнтэй, нямбай байдаг даа. Надад тийм чанар байгаагүй хэрэг. Энэ араншин маань дасгалжуулагчийн хараанд өртсөн болов уу гэж одоо боддог юм. Анх долдугаар ангид байхдаа улсад бүртгэлтэй тамирчин болж байлаа. Тухайн үед улс хувьсгалын 40 жилийн ой тохиож, гимнастикийн баг бүрдүүлэхээр сонгон шалгаруулалт явуулсан юм. Шалгаруулалтын үеэр, Д.Норов дасгалжуулагч, багш маань “тэр цоохор шарваартай хүүхэд” гэж намайг онцлоод шигшээ багтаа авч байсан нь саяхан мэт санаанд бууна. Ийнхүү долдугаар ангийн охин БНМАУ-ын Спортын төв ордны спортын гиминасикийн анхны шигшээ багийн долоон тамирчны нэгээр сонгогдож байсан түүхтэй. Бас болоогүй, цалинтай. Бидэнд сар бүхэн улсаас 150 төгрөг өгнө. Тэр чинь ёстой үрээд барахгүй их мөнгө шүү дээ.

-Спортын салбарт шаггүй “гялалзаж” олимпд хүртэл бэлтгэгдэж явсан түүхтэй байх аа. Таныг “гэнэтхэн л урлагийн хүн болоод спортоо орхисон” гэж хамт хүч сорьж явсан найзууд нь ярьдаг юм билээ?

-Би багын л спортод дуртай байсан. Гэхдээ урлагийн хүн болох хүсэл намайг ер амраадаггүй байлаа. Нэг удаа Энхтайвны гүүрэн дээр алхаж явтал МУАЖ Д.Мэндбаяр эгчтэй таардаг юм байна. Тухайн үед Далан худалч жүжгийн Алимаад тоглосон мундаг жүжигчин гэдгээр нь л мэднэ. Мэндээ эгчийг хараад би бүр зог тусчихсан. “Энэ эмэгтэй шиг гоё жүжигчин болохсон” гэх хүсэл төрж, урлагт шунах шунал улам “ассан”. Тэгтэл хэд хоногийн дараа манай ангийн Ж.Дашзэвэг /зохиолч, сэтгүүлч/ Драмын театрт шалгалт өгөөд орчихсон тухайгаа дуулгаад “чи очиж шалгуулаач” гэв. Тэгэхээр нь шалгуулахаар очлоо.

Драмын театрын тайз дэлхий шиг том, би шар будаа шиг жижигхэн. Тэр том тайзны урд тухайн үеийн алтан жүжигчид суучихсан, хачин сүрдэм. Тайзан дээр гараад дууллаа, бүжиглэлээ, шүлэглэлээ. Тэгсэн Оюун багш чи “Бүгд найрамдах монгол ард улс мандтугай, ураа” гээд хэл дээ гэдэг юм байна. Би ч хамаг чадлаараа л хэлсэн. Ингэж л одоогоос 65 жилийн өмнө урлаг хэмээх их айлын босгоор 18 нас хүрээ ч үгүй жаахан охин алхаж, УДЭТ-ын дагалдан жүжигчин болж байсан түүхтэй.

-Ингээд л урлагийн хүн болоод спортоо бүр орхичихсон хэрэг үү?

-Би театрт ороод, шууд цалинтай залгачхаагүй л дээ. Гурван сар цалингүй, дагалдангаар ажиллаж байлаа. Энэ хугацаандаа гимнастикийн бэлтгэлдээ тасралтгүй явдаг байсан. Учир нь 1968 оны олимпд орохоор зорьж байсан хэрэг. Үүнээс өмнө 1966 онд Румин, 1967 онд Болгарт зохион байгуулагдсан портын гимнастикийн “Нөхөрлөл” тэмцээнд мөн бэлтгэдэг байв. Тэгсэн яг Мексикийн олимпын өмнө жирэмсэн болоод, бүх зорилго талаар болсон

-Багагүй хугацаанд урлагаас хөндийрч, өөр, өөр салбарт ажиллаж явсан юм билээ. Тэгтлээ дурлаж байсан мэргэжлээсээ зай барихад ээжийн үүрэг нөлөөлжээ?

-Драмын театрт гурван жил ажиллаж байгаад амьдралын эрхэнд хайртай мэргэжлээсээ түр хөндийрч, хүүхдүүдийнхээ аавтай Москва явсан юм. Тэнд хүүгээ төрүүлж, олон дурсамж бүтээсэн дээ. Миний том хүүг Таня гэж орос эмэгтэй эх барьсан. Хүүхэд эх барьсан эмчтэйгээ ижил араншинтай байдаг гэж үнэн юм билээ. Идэрчулуун яг оросууд шиг тачигнасан зантай. Харин бага хүү маань аавыгаа дуурайгаад тайван, тогтуун. Бид хэсэг хугацаанд Орост амьдарч байгаад эх орондоо ирсэн. Ирээд би театртаа ажиллахыг асар их хүссэн ч хүүхдүүдийн маань аав зөвшөөрөөгүй. Хадам ээж ч дургүй байсан. Эмэгтэй хүн тэгээд амьдралаа л дагадаг юм билээ. “Эднийг дургүй байхад би зүтгээд яахав. Телевиз, радио бараадъя” гэж бодоод МҮОНТ-ийн хүүхдийн редакцад ассент найруулагчаар ажиллаж байлаа.

Тэгсэн хадам ээж намайг “чам шиг толгойдоо А,Б-гүй юм, арав төгссөнөөс цаашгүй байж” гэж зэмлэдэг юм байна. Энэ үг намайг урлаг руу эргэлт, буцалтгүй ороход хүргэсэн. Заримдаа хатуу үг бурам болдог шүү дээ. Одоо бурханд байгаа хадам ээждээ баярлаж явдаг юм. Тэр үгийг сонсоод дээд сургуульд сурахаар эрс шийдээд, нас нэлээд хэвийсэн хойноо оюутан болж байлаа. Харин миний ижий намайг тэг, ингэ гэж нэг их зааж, тушаагаад байдаггүй хүн байсан.

-“Ээжийнхээ ачийг яалаа даа” дуугаар ээждээ дуун өглөг барьж, цахим хуудаст нийтэлсэн нь багагүй хүнд хүрсэн шүү дээ. Ээжийнх нь тухай дурсамжаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Би хүний хүн болтлоо ээждээ тун дургүй байлаа. Хоёр хойд эцгийн гар харуулсан гээд их хатуурхана. Ижий минь миний төлөө амьдарч, намайг өсгөх гэж олон зүйлтэй нүүр тулж байсныг нь их хожуу ухаарсан. Тиймээс л тэр хүнд амьд суварга босгож, насаа дуусгах ёстой юм шиг санагддаг юм. Ээж 17 настай байхдаа манай нутгийн н.Ренчин гэж залуутай хайр, сэтгэлийн холбоотой байсан юм билээ. Гэтэл өнөөх залууг цэрэгт татаж, цэргийн чилийсэн гурван жилийн хугацаанд сэтгэлт хар хүүгээ хүлээсэн гэдэг. Гэвч үүрэгт хугацаа дууссан ч өнөөх залуу ирэлгүй нэг жил болсон юм билээ. Энэ хооронд хонины бэлчээр дээр ирж хоргоодог байсан өөрөөс нь ахимаг настай хүнээс намайг олсон учиртай. Гэтэл өдөр, шөнөгүй хоргоож байсан өнөөх эр таван хүүхэдтэй айлын эцэг болж таарсан тул хүүхдүүд өнчрүүлж, ханийг нь зовоохгүйн тулд гэдсэндээ намайг тээгээд үлдсэн юм билээ.

–Та “Миний амьдралын хуудсууд” номондоо төрсөн эцгийнхээ тухай тун цухас дурдсан байсан. Харин Жийжээ болон Аяа аавынхаа талаар олон сайхан дурсамж өгүүлсэн байсан?

-Миний анхны хойд эцэг н.Сэржээ гэж хүн байсан юм. Би түүнийг Жийжээ аав гэж авгайлдаг байлаа. Бурхан надад дүү заяагаагүйн улмаас ээж, Жийжээ аав хоёр намайг 13 нас хүрэх жил хоёр тийшээ болсон юм. Үүний дараа ээж минь Их найрагч Б.Явуухулан гуайн үеэл Аюурзана гэж хүнтэй ханилсан. Аяа аавтай гэр бүл болсныхоо дараа миний овгийг сольж, Аюурзанын Цэгмэд болгосон юм. Аавын аяыг засаж, бид нэг гэр бүл боллоо гэдгээ ойлгуулах гэсэндээ л тэр байх. Гэхдээ Аяа аав маань ч насан эцэс болтлоо ээжийн минь дэргэд байгаагүй. Орхиод явсан. Ер нь би хүүхэд байхдаа ч тэр, одоо ч ялгаагүй аавын хайрыг амссан, аавтай хүмүүсийг хараад “Энэ ёстой азтай хүн юм” гэж боддог. Аавгүй хүн амьдралыг ч, хүнийг ч аргадаг элээдэг юм билээ. Бурхан намайг “чи насан туршдаа амьдралыг аргадаж туул” гэж заяасан юм болов уу гэж боддог юм.

-Төрсөн аавынхаа тухай дурсвал?

-Хоёр аав минь хэчнээн надад өөрийн сэтгэлээр ханддаг байсан ч хүний хүн гэдэг нь мэдрэгдээд л байдаг байсан. Булчин мах заагтай гэдэг шиг. Сэтгэлийн мухарт төрсөн эцгийгээ мэдэх хүсэл үргэлж цухалзана. Нэг удаа эмээгээсээ асуутал “Чиний аав амьд биш. Гэхдээ чи Аюурзанын ч хүүхэд биш Сэржээгийн хүүхэд ч биш” гэж хариулсан. Үүний дараа би Румин, Болгар руу тэмцээнд явахаар болсон юм. Тоглолтоос ирээд Жийжээ аавдаа хоёр гаанс авснаа үзүүлтэл ээж нэг л эвгүй болоод гараад явчихсан. Эмээ нэг үг хэлэх гээд, нэг болиод л түнтэгнэчихдэг юм байна. Тэгж байгаад “Сэржээ аав чинь элэгний ком болоод өнгөрчихсөн.

Одоо би чамд олон жил нууж явсан зүйлийг хэлье. Чи бол Монголын анхны үеийн зохиолч Даг Жамьян гэдэг хүний төрсөн ах Дагва гэдэг хүний охин” гэж хэлж хэлсэн юм. Жийжээ аавыгаа алдсан тухай дуулаад би цурхиртал уйлсан. Сэржээ аав маань намайг гурван сартайгаас 13 нас хүртэл өсгөсөн хүн шүү дээ. Бурханд халихынхаа өмнө аав надтай ирж уулзаад, “Аав нь Улаанбаатарт 67 босгож байгаа. Удахгүй охиноо дэргэдээ авна. Миний хүү аравдугаар анги төгсөөд ажилтай болох гэж байна. аав, хүү хоёр хамтарна аа” гэж хэлж байсан юм. Тэр нь бодогдоод л дотор бачуураад хэсэгтээ хэцүү байсан.

-Европод 15 жил ажиллаж, амьдарчээ. Тайзан дээр амьдарч байсан хүн өөр ажил сонгож, харь орныг зорих хэцүү л байсан байх?

-Гэхдээ би тийшээ мөнгө олох эсвэл амьдрал судлах гэж яваагүй. Ажил ч үгүй, хань ч үгүй, орон гэргүй болчихсон хүн чинь энд байж юугаа хийх вэ дээ. Ямар ч байсан хил даваад үзье гэж бодоод л явсан. 15 жил тэнд ажиллахдаа зургаан айлын долоон хүүхэд өсгөлөө. Ардын уламжлалт бариа хийж сурсан. Эмийн талаар жаахан мэдлэгтэй боллоо. Гэхдээ наймаа л хийж чадахгүй юм билээ. Бага үнээр авсан зүйлээ үнэ нэмээд зарах нь бусдыг шулж байгаа хэрэг. Аливаа нэг ажлыг сурахгүй бол яаж хийдгийг нь мэдээд ав гэж эмгэн ээж маань захидаг байсансан.

-Хань тань хэцүүхэн үед орхиод явсан ч танд хоёр хүү байсан биз дээ?

-Хоёр хүү маань ааваасаа хойш алдаж эндсэн. Аав нь явахдаа хоёр хүү, хоёр өрөө байр үлдээсэн ч байраа луйварчдад алдчихсан. Тухайн үедээ хууль мэдэхгүйгээс л байраа алдсан гэдгээ сүүлд мэдсэн.

-Бурхан хүнд дааж чадах ачааг нь л оноодог. Тэгснийхээ хэрээр хайр халамжаа харамгүй өгдөг гэдэг дээ?

-Тэгэлгүй яахав. 15 жил хүний хийж болох бүгдийг л хийлээ. Тэр болгондоо нутгаа хүүхдүүдээ, ээжийгээ санана. Гэхдээ би баян. Миний ээж одоо 85 хүрч яваа хөгшин байдаг. Үр хүүхдүүд маань өнөр өтгөн айл боллоо. Надад одоо өөр юу хэрэгтэй гэж.

-Та түрүүнээс хойш нөхрөө хань гээд л их хүндэтгээд ярилаа?

-Надад тэр хүнийг буруутгах шалтаг байхгүй ээ. Хоёр сайхан хүүгийн минь аав шүү дээ. 43 насандаа хайраа оллоо гэж байгаа хүнийг би яах билээ. Бариад хүлэлтэй биш. Намайг айл гэр аваад явж чадна гэж л авч суусан гэдгээ явахдаа хэлсэн. Нөхрөөсөө салснаас хойш намайг Цэгмид биш Чулуунбатын салсан эхнэр л гэж дуудах болсон. Найзууд, ойр дотныхон болгоомжилно. Олон ч удаа хардуулж, айлын эхнэрт алга­дуулсан даа. Гэхдээ миний хүүх­дүүдийн аав урт удаан наславал сайн л байна. Эмэгтэй хүний хувьд хань хамгийн чухал. Их олон жил ханьтайгаа хамт амьдарсан бол хөл алдах зүйл надад ч гэсэн тохиолдох байсан. Гэтэл 30 гаруйхан настай байхад хань маань орхиод явсан учраас бүх зүйлээ өөрөө хийгээд, хэнд ч найдахаа больсон. Гэхдээ хүүхэд, ач, зээтэйгээ ярьж болохгүй зүйл гэж бий. Тэр бүгдэд би хариулт олохын тулд ном л уншдаг. Шүлэг бичдэг. Анх хүүхдүүдийнхээ аавтай байхад бичдэг байсан тэмдэглэлээ эмхэтгэж, Лхагвасүрэнгээр хянуулаад нэг шүлгийн дэвтэр гаргаж байсан. Одоо ч гэсэн олон шүлэг бий. Ном болгох мөнгөгүй л байна. Найзууд маань намайг хөнгөн шингэн, тавьтиргүй гэдэг юм. Миний зан аашинд энэ нь тохирдог. Яагаад гэхээр би их сониуч хүн дээ.

-Тэтгэврийн мөнгөөр амьдраад явахад хэцүү болсон цаг. Кинонд тоглолоо гэхэд жүжигчдэд олигтой хөлс өгддөггүй юм шиг байна билээ. Хэрэгцээгээ хэрхэн зохицуулдаг вэ?

-Тэтгэврээ аваад байрны мөнгөндөө өгчихнө. Хүүхдүүдээсээ авах биш өгдөг эмээ баймаар байна шүү дээ. Гэтэл тэтгэврийн доод хэмжээгээр мөнгө авдаг хүн ач зээдээ юугаа өгөх билээ. Кинонд тоглоогүй үедээ даавуун тор оёж зардаг. Жүжигчдийн дунд цайны сүүний мөнгөөр тоглож, ханш унагалаа гэсэн яриа явдаг юм билээ. Гэхдээ байраа барьцаанд тавиад хамаг юмаа шавхаад кино хийж байгаа хүнээс яаж санасан хэмжээгээрээ мөнгө нэхэх билээ. Нэхээд авдаг хүмүүс нь авна л биз.

-Танайд орж ирээд ямар цэмцгэр эмээ вэ гэж хамгийн түрүүнд бодлоо?

-Манай найзууд намайг нөхрөөсөө салсны дараа гэрээ яаж цэвэрлэсэн байна гэж харахаар ирдэг байсан тухайгаа сүүлд ярьсан юм. Монгол хүний оюун ухаан гээд л ярьдаг Дэмбэрэл нэг удаа телевизээр “Би ааваараа овоглоод, эгэл жирийн байхдаа хүнээрээ байдаг юм” гэж ярьж байсан. Хүмүүс нэр алдарт хүрэхээрээ өнгөрсөн амьдралаа худлаа зохиогоод л ярьдаг юм. Сайн үйлийн төлөө бол худлаа ярьж болно. Хүмүүс, би амьдралдаа худлаа хэлж байгаагүй гэдэг. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Наад зах нь тэр хүн хоёр хүнийг эвлэрүүлэх гээд ганц ч гэсэн удаа худал хэлж явсан байж л таараа. Би ч гэсэн энэ амьдралдаа худал хэлж л явсан. Аавгүй өссөн ч Ардын жүжигчин эмэгтэй миний аав тийм сайхан хүн байсан гээд ярьж байгааг сонсч байлаа.

-Таныг хүмүүс МУГЖ-д “тодорхойлоод” л цахим хуудсаар хүчтэй давалгаалах юм. 60 гаруй жил урлагт зүтгэсэн хөдөлмөрийг нь төр засаг биш ч ард түмэн үнэлж байх шиг санагддаг юм. Танд надтай ижил мэдрэмж төрөх юм уу, эсвэл ичиж, бэргэдэг үү?

-Хоёр жилийн өмнөөс л цахим хуудсаар тийм юм яваад байдаг болчихсон. Зарим хүмүүс “чи хүмүүс турхирлаа” гэж хэлээд намайг гомдоодог л юм. Намайг өөрөө л хийгээд байна гэж ойлгодог юм шиг байна лээ. Би яалаа гэж тийм булай юм хийх вэ дээ. Заримдаа бүр “Би мөрөөрөө л хайртай ажлаа хийе. Битгий ийм юм явуулаач” гээд доор нь биччихдэг. Ер нь одон медаль, цол хэргэм бодохгүй байхыг хичээдэг болсон.

Нэлээд олон жилийн өмнө би “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгийн Дэмбэрэл гэж хүн оролцсон дугаарыг үзэж байлаа. Тэгсэн тэр хүн “Хүн ер нь одон медаль, хэргэм зэрэгтэй болоод, нэг юм энгэртээ зүүчихвэл хүнээ алдчихдаг юм билээ” гэж хэлж байсан юм. Тэр тун үнэн үг. Хүндтэй шагнал аваад, хүнээ гээчихсэн нөхөд олон бий. Тэгэхээр өнөөх айхавтар цол, тэмдэг хүнийг эвдэлчихдэг юм болов уу. Ний нуугүй хэлэхэд, нэг хэсэг шагнал, цол сэмхэн бодогддог л байсан. Гэхдээ миний гэхээсээ илүү ээжийн минь хүсэл байсан юм. Ижий минь “Энэ хүн амьтан том, том шагнал аваад л байх юм. Миний охинд өгөхгүй юм. Нөхөргүй болохоор нь өгдөггүй юм байх даа” гэж байсан удаатай.

-Та надаас анх жаахан цэрвээд л байсан. Урлагийнхан уг нь нээлттэй, яриа байдаг шүү дээ…?

-Хэвлэл мэдээллийнхэнд яриа өгөх дургүй ээ. Хүний ярьсныг гуйвуулж бичих нь их болохоор нь. “Ану хатан” киноны нээлтийн үеэр Ардын жүжигчин Сарантуяа, гавьяат жүжигчин Оюундарь, бид гурав зогсч байсан чинь тэр хоёртой их аварга Дагвадорж гар барьж мэндлээд, надтай мэндлэхгүй яваад өгсөн. Харин тэгтэл саяхан нэг сайт “Цэгмид их аваргад гомдов” гээд л биччихсэн байна лээ. Ингэж хүмүүсийн хооронд яс хаяж байгаа юм шиг бичиж болохгүй шүү дээ. Миний хамгийн дургүй үг бол гомдох, ялах.

-Нэрийг нь хэлээд яах вэ. Би нэг мундаг жүжигчин эмэгтэйгээс яриа авахаар гэрт нь очиход их гундуу амьдарч байсан. Түүнд залуу үеийнх нь сайхан гэрэл зургаас өөр хань байхгүй болчихсон санагдсан. Гэтэл хүн бүр адилгүй бололтой. Та бол гялалзаж байна шүү дээ?

-“Сайхан хүүхэн байсан юм аа, би” гэдэг үг бий. Оросын жүжигчин Светлана Светличная гэдэг жүжигчин бий. “Эрдэнэ нуусан гар” киногоор хүмүүст танигдсан. Өнөөдөр 73 настай тэр хөгшин нохой, муурныхаа хоолноос идээд, хамгийн хямд нүүрний тос хэрэглээд, хийсэн бүтээсэн, бий болгосон нэр төрийнхөө хажууд дэндүү ядмаг амьдарч байгааг сэтгүүлчид олж илрүүлээд дэлхийгээр нэг цацсан. Түүн шиг манайд ч хийсэн бүтээснийхээ дэргэд дэндүү хөөрхийлөлтэй амьдарч байгаа уран бүтээлч олон бий.

-Таны үеийнхэн сонирхол гэхээ­сээ илүү, хуваариар л их сур­гуульд ордог байсан. Та чухам яаж яваад жүжигчний мэргэжлийг эзэмшсэн юм бэ?

-Уг нь эмч больё гэж бодож явсан. Гэхдээ тэр хувь заяа маань төөрчихсөн. Тэглээ гээд жүжигчин болсноороо гутарч байгаагүй. Бидний залуу үед “энэ жүжигчин шүү дээ” гээд ярвайгаад өнгөрөх хүмүүс байсан. Жүжигчдийг жүжгийнхээ хэлээр ярьсан, улс төрийн боловсролгүй юмнууд гээд их л ад үздэг байлаа.

-Жүжигчин эмч хоёр чинь тэс ондоо мэргэжил шүү дээ. Тийм үнэлэмж муутай байсан юм бол өөр мэргэжил сонгож болох л байж..?

-Арван жилд байхдаа дуулдаг бүжиглэдэг гайгүй авьяастай байсан. Зургадугаар ангиасаа спортын гим­настикаар хичээллээд, улсын шиг­шээ багийн тамирчин болсон уч­раас хичээлээ хийх завгүй явсаар арав­дугаар ангиа муухан дүнтэй төгссөн. Тийм учраас техникумын хуваарь авчихлаа. Хуваариа бариад сургуулийн гадаа сэтгэл дундуур сууж байтал манай сургуулийн захирал Арилдий гэж багш хүрээд ирсэн. Тэгэхэд багш улаан Ява унадаг байлаа. Багш, Цэгмид яасан авсан хуваарь нь таалагдахгүй байна уу гэхээр нь “Тийм ээ, уг нь би эмч болох санаатай байсан юм” гэсэн чинь багш, “Алив миний араар суу. Би чамайг анагаахад хүргээд өгье. Шалгалт өгөөд тэнцвэл эмч болно биз” гэсэн.

Тэр үеийн дүр зураг одоо ч миний нүдний өмнө тодхон харагддаг. Тэгээд л Анагаахын захирал Балдандорж гэж хүнтэй уулзуулсан. Тэр захирал нь ч намайг шалгалт өгөхийг зөвшөөрлөө. Ямар ч байсан техникумд орохгүй нь гээд би чинь бөөн баяр. Спорт бэлтгэлийн төв дээрээ ирээд дасгалжуулагч Норов багшдаа болсон бүх зүйлээ ярилаа. Тэгсэн багш “Чамд Биеийн тамирын дээд сургуулийн томилолт ирсэн” гээд нэг томилолт атгуулчихлаа. Би эмч болно гэж шийдсэн ч нөгөө томилолтыг нь авчихлаа. Анагаахад шалгалт өгөөд тэнцэхгүй бол очно гэсэндээ л тэр.

-Бас давхар санаатай. Гэхдээ техникумын хуваарь авсан гэхээр нэлээд базаахгүй л сурдаг байж. Хүний амьдралд тааж тааварлашгүй зүйл олон тохиолдох юм даа?

-Тэгээд удалгүй анагаахад шалгалт өглөө. Биеийн тамирын сургуулийн захирал дээр орохгүй л яваад байсан. Сарын дараа Анагаахад шалгалт өгсөн хүүхдүүдийг комиссоор орууллаа. Надаас “Чи Биеийн тамирын дээд сургуулийн томилолт авчихаад энд юу хийж явдаг билээ” гэдэг юм байна. Аль хэдийнэ судалчихгүй юу. Тэгэхээр нь болсон бүх зүйлээ ярьчихсан. “Чи захирлын танил байх хамаагүй. Авсан сургуульдаа очиж ор” гээд л хөөчихсөн. Бэлтгэл дээрээ очсон чинь багш, яасан шалгалтандаа уначихсан уу гэж байна. Үгүй ээ, намайг хөөчихлөө гэсэн чинь, “Одоо яах вэ дээ. Томилолтоо барьж ороод биеийн тамирын дээддээ л орохгүй юу” гэсэн. Тэгээд Биеийн тамирын дээд сургуулийн захирал дээр орсон чинь хугацаа өнгөрсөн наад томилолт чинь хүчингүй гээд ураад хаячихсан.

-Ёстой нөгөө хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэгч болж. Тэгж явсаар сургуулиудын оюутан элсүүлэх хугацаа дуучихна биз дээ?

-Ингээд л, харих гээд Энхтайвны гүүрэн дээгүүр явж байтал гүүрний нөгөө талаар ардын жүжигчин Мэндбаяр эгч явж байна. Одоогийн мисстэй харьцуулахааргүй сайхан хүүхэн байлаа шүү дээ. Юун нөгөө урвайх. Мэндээ эгчийг харах гээд дагаад л гүйчихсэн. Түүнээс хойш гимнастикийнхаа бэлтгэлийг хийгээд л яваад байлаа. 1966 оны Румыны нөхөрлөл, 1967 оны Унгерийн тэмцээнд оролцох гээд бэлтгэл базааж байсан юм.

Гэтэл нэг өдөр ангийнхаа Дашзэвэг гэдэг хүүтэй таарлаа. Одоо бурхан болсон л доо. Зохиолч болно гэж мөрөөдөж байсан ч чадалгүй Драмын театрт дагалдан жүжигчнээр орчихож. Нөгөөх маань намайг чи манайд очоод нэг шалгуулаач, эмэгтэй хүүхэд олдохгүй байгаа гэсэн гэхээр нь яваад очлоо. Нөгөө алтан үеийн мундаг жүжигчид эгнээд суучихсан би тайзан дээр гарлаа. Дуу дуулах уу гэхээр нь “Хар ус нуурын шагшуурга”-ыг дуулчихлаа. Тэгээд намайг театрт түр дагалдан жүжигчнээр авсан. Удирдаач Бүрэнбэх, жүжигчин Латиф гээд л надтай хамт мундаг хүмүүс дагалдангаар орсон юм.

-Хүн өтлөхийн цагт дурсамжаа мэрж амьдардаг гэдэг. Өнгөрсөнтэй үлдсэн таны амьдралаас алдсан нь их юм уу, оносон нь их юм уу?

Энэ амьдралд олон ч удаа алдлаа даа. Алдсан дурсаад яах юм бэ. Алдаа л биз. Оносон зүйлээ дурсах, ярих дуртай.

-Тэгвэл амьдралынхаа нэгээ­хэн жаргалтай хэсгийг хамт өнгөрүүлсэн ханийн тань талаар асуумаар байна?

-Бүүр жаахан охин байхаасаа л радио сонсох их дуртай. 15, 16 настай байсан санагдана. Нэг өдөр радио сонсч байтал “Хялар хатны домог” гээд найраглал явсан. Их өрөвдөлтэй. Түүнийг сонсоод уйлахад нагац эгч маань намайг радио тэвэрчихээд л уйлаад сонин хүүхэд шүү гэж билээ. Тэр найраглалыг нэг их бүдүүн хоолойтой хүн уншиж дуусаад “Нэвтрүүлэг уншсан Чулуунбат” гэж хэлсэн нь миний сэтгэлд их тод үлдсэн. Драмын театрт анх “Гарын таван хуруу” жүжгийн хамгийн бага хүү Идэрийн дүрийг бүтээгээд жинхэнэ ажилчин болчихсон.

Түүний дараа Лодойламба гуайн “Манай сургуулийнхан” романы Нусанжурд тоглож, радио дээр очоод бичүүлэх боллоо. Тэгэхэд радио одоогийн Төв шууданд байсан. Тэгээд бичүүлж байтал харахад тийм ч царайлаг биш, туранхай эрэгтэй намайг хараад л байна. Дотроо энэ ямар сонин хүн бэ гэж бодоод л өнгөрсөн. Гэтэл жүжигчин Сэлэнгэ эгч “Чамтай радиогийн нэвтрүүлэгч Чулуунбат танилцъя гээд байна. Жүжиг уншиж байхад харсан гэнэ” гэлээ. “Радиогийн хөгшин хар юм уу” гэтэл, “юу ярьж байгаа юм. Тэр чинь алдартай нэвтрүүлэгч хүн” гэлээ. Чулуунбат гэдэг хүний хоолойг нь сонсоод бүдүүн, олон хүүхэдтэй эр гэж яагаад төсөөлсөн юм бүү мэд. Нэг л толгойд буухгүй байсан.

-Радио телевиз хоёрын ялгаа энэ шүү дээ. Нөгөө л нэг сэтгэлд үлдсэн хоолойг тийм хүн гэж төсөөлөөгүй байх нь аргагүй. Түүнээс хойш таныг “эргүүлж” эхэлсэн үү?

-Тэгээд хэсэг чимээ алдарсан. Нэг орой жүжигт тоглочихоод харих гэж байтал хүүхдүүдийн маань аав сайхан хувцаслаад, цэцэг барьчихсан ирээд гэр хороололд байдаг намайг хүндэтгэлтэйгээр хүргэж өгсөн. Тэгж амархан танилцсан шигээ маш амар­хан гэрлэсэн. Удалгүй нөхөр маань Москва руу мэргэжилтнээр явахаар болоод хоёр сарын дотор л гэрлэлтээ батлуулаад нөхрөө дагаад явсан даа.

-Хүн өөрийнхөө хувь заяанаас зугтаж болдоггүй гэдэг. Жүжигчин болох хүртэл та олон тийшээ зугтах гэж оролдсон байна шүү?

-Тийм ээ. Нөхөр маань намайг жүжигчин болгох их дургүй байсан. Гэхдээ би зөрөөд 1974 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангид шалгалт өгөөд орчихсон. Дипломын ажлаа эрэгтэй хүүхдийн дүрээр хамгаалсан боло­хоор Хүүхэд залуучуудын театр жүжигчнээр авчихсан юм. Уг нь, УДЭТ-т орж болохоор л байсан. Жүжиг­чин гэдэг ажил амархан зүйл биш. Энэ мэргэжлийг нэгэнт эзэмшчихээд хийхгүй бол зүрх өвдөөд байдаг юм билээ.

– “Эхиймаа” киноны Насанжаргалын дүрд тоглосныхоо дараа шүүмж бичиж, багагүй шуугиан тарилаа шүү дээ. Таныг тоглосон киногоо шүүмжилж байхын өмнө нь ер үзээгүй. Юу таны сэтгэлийг тэгж их гонсойлгосон юм бэ?

“Эхиймаа” киноны тухай пост бичсэний дараа “Залуу хүний анхны уран бүтээлийг харлууллаа” гэх дайралт их ирсэн. Тиймээс гурав хоногийн дараа устгасан. Нэг зүйл дээр тайлбар хиймээр байна. Би тэр уран бүтээлийг харлуулж, рейтингийг нь унагаах зорилгоор пост оруулаагүй. Хайрлаж урласан дүрээ хайран болчихсон байхыг хараад харамсал төрсөн төдий. Гэхдээ би пост бичихээсээ өмнө Алдармаагаас зөвшөөрөл авсан. Нээлтийн дараа Алдармаа руу “Киногоо үзлээ. Зураг авалт эхлээгүй байхад чи “Эгчээ, Насанжаргал бол мөрдөнд байхад надад их тусалсан, сайхан сэтгэлтэй бодит хүний дүр шүү” гэж хэлсэн биз дээ. Би энэ дүрийг яаж бодож мах, цус, нулимсаа шингээж урлалаа чи алаг нүдээрээ харж байсан. Тэгсэн миний дүр бүр утгаа алдчихжээ. Би энэ дүрийг яаж бодож мах, цус, нулимсаа шингээж урлалаа чи алаг нүдээрээ харж байсан. Эгчийнх нь цээж давчдаад, үг дуугармаар байна. Би нэг пост оруулж болох уу” гэж асуухад “Та өөрөө л мэд” гэж хэлсэн.

Харин намайг пост бичсэний дараа манай киноны найруулагч надад баяр хүргэсэн. Би найруулагчид “Та киноныхоо нээлтэд яагаад ирсэнгүй вэ, миний дүрийг ч, уран бүтээлийг ч хамгаалах хүн нь та шүү дээ” гэж бичтэл “Мөнгөний мэдэлтэй хүмүүс нь мэдэх болсон тул би зориуд очоогүй юм. Миний санаа ч алга болчихсон” гэсэн. Уг нь Насанжаргалын дүр их өгүүлэмжтэй байсан юм. Тэр киноны дүр дээр хэчнээн нандин, нандин юм байдаг гэж санана. Тэгсэн юу ч үгүй арчаад хаячихсан нь даанч харамсалтай. Хэрэв тэгж хасах л байсан юм бол яах гэж намайг 44 стцент тоглуулж, юуны тулд надад мөнгө төлсөн юм.

Дүрээ урлах гэж мах, цус, нулимсаа шингээсэн гэлээ. Үсээ хүртэл хусуулчихсан байснаас нь уран бүтээлчийн зүтгэл харагдсан?

– Урлагийн төлөө бол би үсээ хусуулахад гудайхгүй ээ. Ингэхдээ би төлбөр, ялбар ч нэхээгүй. Ер нь тийм авир надаас хэзээ ч гарахгүй. Үнэндээ хичээж тоглосон болохоор би дэндүү их харамсаад цээжээ балбаж байгаад тэр постыг бичсэн юм шүү дээ. Киногоо үзнэ гээд гоёж ирээд уйлаад гарсан. Уйлж гарснаа хаана ч дурсаагүй. Энд харин хэлчихье.

-Та завсар зайгүй зураг авалтад оролцоод, залуу хүн шиг л гялалзаж явах юм. Зарим уран бүтээлчид дүрээ ч, үнэ хөлсөө ч голоод тэр бүр хөдөлдөггүй юм шиг анзаарагддаг. Залуу жүжигчид ч Цэгмэд эгчтэй хамтарч ажиллах таатай байдаг гээд ам сайтай байдаг юм билээ?

-Би залуу хүмүүсийн уран бүтээлийг дэмжих тун дуртай. Зарим хүмүүс намайг цайны мөнгөнд тоглож, ханш унагаалаа гэдэг л юм билээ Байраа барьцаалаад уран бүтээл хийж байгааг нь хараад яаж үнэрхээд суух юм бэ. Ямар надаас тасраад мөч унах биш. Би тоглоод л өгдөг. Тэгээд ч монгол уран бүтээлчид чулуугаар хийчихсэн юм шиг бэрхшээл даадаг.

Нэг хүн найруулагч, продюсероо хийнэ. Өөрөө жүжиглэнэ, тоног төхөөрөмжөө зөөнө гээд арван гартай юм шиг л зүтгэнэ. Тийм хүмүүсийн хайрлахгүй байхын ч аргагүй шүү дээ. Гаднын уран бүтээлд бол хангамж, нөхцөл сайтай. Биед амар. Огт ондоо. Миний уран бүтээлээс хойш суудаггүй бас нэг шалтгаан бол гол дүр. Би ер нь гол дүрд л шунадаг. Өөрийгөө овоглосон нэг уран бүтээлтэй болохыг туйлын их хүсдэг юм. Энд, тэнд таарсан хүмүүс “Таныг хаана харлаа” л гэдэг. “Ягаан Гажид” гэдэг шиг дүрээрээ овоглогддог болчихвол хөдөлмөр зүтгэлийн минь хамгийн том гавьяа тэр. Тиймээс би одоо ч өөрийгөө чамласаар л яваа жирийн л нэгэн уран бүтээлч.

“Европод 15 жил амьдарсан болохоор эгч нь үндэсний хоол хүнсээ хэрэглэх дуртай” гээд л намайг Увсын үхэрийн нүд, арвайн гурилаар дайллаа. Ганцаараа амьдардаг гэхэд Цэкү эгчийнх нэг л дулаахан сайхан.

-Жүжигчин хүний залуу насыг өөртөө л хадгалаад үлддэг газар бол театр гэж би боддог. Тайзан дээр тоглож байсан хүмүүс амархан мартагддаг. Жишээ нь, Хүүхэд, залуучуудын театрт та насаараа шахуу ажилласан хүн?

-Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг төгсөөд л Хүүхэд залуучуудын театрт хуваарилагдсан. Театраа тарах хүртэл тэнд ажилласан. Театрт тавигдсан жүжиг бүрт тоглодог байсан болохоор кинонд тоглох завгүй явж л дээ. “Мартагдсан дууль”, “Их замын тоос”, “Өндөр ээж”, “Гал хам”, “Нэр төр” гээд цөөн хэдэн кинонд л дүр бүтээсэн байгаа юм.

error: Content is protected !!