Өнцөг

Нийгмийн өнцөг

Хоёр жилийн өмнө төрөлх Иран улсаасаа дүрвэж, Монгол улсын иргэн болсон Сайед Моллай жүдогийн 81 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн нь түүний хувьд анхны олимпын медаль болсон билээ.

2019 онд тэрбээр дэлхийн цомын тэмцээнд Израйлийн бөх Саги Мукитай аваргын төлөө барилдах болсон ч Ираны тал “дайсан орны бөх”-тэй түүнийг барилдуулаагүй юм. Энэ явдлаас болоод Моллай эх орноосоо Германд дүрвэж, дараа нь Монгол Улсын иргэн болсон байна.

Дараа нь Олон Улсын Жүдогийн Холбоо Иран улсын жүдогийн холбоонд хориг тавьсан нь энэ оны эхээр дуусгавар болжээ.

Бүс нутгийнхаа хамгийн том дайсан гэж үздэг Израйлийн тамирчинтай учраа таарвал Ираны тамирчид тэмцээнээс нэрээ татах, татгалзах явдал түгээмэл байдаг.

Моллай энэ явдлын дараа Израйлийн бөх Саги Мукитай дотно найзууд болсон юм.

Энэ оны хоёрдугаар сард тэр Израйльд тэмцээнд оролцохдоо Мукитай уулзаж байжээ.

Мягмар гарагт Японы бөх Таканори Нагасэд ялагдаж, мөнгөн медаль зүүснийхээ дараа Моллай “Би бүхнийг ардаа орхиод шинэ амьдрал эхлүүлж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан бол түүнтэй хоёр жил уулзаагүй ээж нь хүүгээ дэлгэцээр харсныхаа дараа ийнхүү хэлжээ: Өчигдөр миний хүү Токиогоос “Энэхүү олимпийн мөнгөн медалиа Иран улсад суугаа гэр бүлийнхэндээ зориулалаа. Бид хүүгээ харалгүй, үнсэлгүй хоёр жил болжээ. Түүнтэй холбоо барих ч бололцоо байхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Бид хүүгээ Чингис хааны байгуулсан Монгол хэмээх өргөн уудам нутагт сайхан сэтгэлт ард түмний дунд байгааг хэвлэлээс мэдсэн. Яаж мэдсэн вэ гэвэл “Монгол Улсын тамирчин” гээд зурагтаар гарч байна лээ” хэмээжээ.

Харин Австрийн бөхөд ялагдаж, тэмцээнээ эрт дуусгасан Саги Муки найз Моллайд: “Би Сайедын амжилтад үнэхээр их баяртай байна. Тэр үүний төлөө ямар зам туулсныг, ямар их хүсэж байсныг би мэднэ. Тэр бол миний маш сайн найз, найзынхаа мөрөөдөл биелсэнд би үнэхээр баяртай байна. Түүний туулсан замаас үлгэр жишээ авмаар” гэж Муки тэмцээний дараа Израйлийн хэвлэлд ярьжээ.

Моллай бас Израйлийн сэтгүүлчидтэй уулзахдаа “Намайг дэмждэг Израйль улсад баярлаж байна. Энэ медалийг бас Израйль оронд зориулсан гэхэд болно. Израйльчууд миний амжилтад баярлаж байгаа гэдэгт найдаж байна” гэж яриад эцэст нь еврей хэлээр “Баярлалаа” гэж хэлсэн байна.

Иран, Израйль бөхчүүдийн ховор нөхөрлөлийн талаар Израйлийн Tadmor Entertainment компани телевизийн цуврал бүтээж байгаа ажээ.

Токио 2020 зуны олимпын наадамд ирсэн исламын шашинт орны хоёр жүдоч Израйлийн бөхтэй барилдахаас татгалзаад байгаа. Бямба гарагт Алжирийн бөх Фетхи Нурин 73 кг-ийн жинд Израйлийн Тохар Бутбултай барилдахаас татгалзаж, нэрээ татсан бол Даваа гарагт Суданы бөх Мохамед Абдалрасул мөн Бутбултай барилдалгүй тэмцээнээс хасагджээ.

Олон Улсын Олимпын Хороо дээрх тохиолдлуудыг шалгахаар болсон байна.

error: Content is protected !!