Өнцөг

Нийгмийн өнцөг

Гэнэн цайлган, өхөөрдөм дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин Р.Нандинцэцэгтэй ярилцлаа. Түүний хувьд “Орилоон”, “Хөхөөний үүр”, “Дурлалын галт тэрэг”, “Гэнэтийн зочид” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн. “Хүний амьдрал харагдаж байгаа шигээ биш байдаг шиг би амьдрал дээр тийм ч гэнэн цайлган, эрх охин биш ээ” хэмээн ярих түүний ярилцлага жүжигчин Р.Нандинцэцэгийг танд өөрөөр нээж өгөх болов уу.

-Сүүлийн үед “Гэнэтийн зочид” ОАУСК үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байна. Тиймээс “Гэнэтийн зочид” киноны талаарх сонин сайхнаас ярилцлагаа эхэлье?

-“Гэнэтийн зочид” кино миний оролцон тоглосон анхны олон ангит кино. Нэг анги нь гэхэд л нэг бүрэн хэмжээний кино шиг болохоор бараг 24 бүрэн хэмжээний кинонд тоглосон юм шиг ачаалалтай байсан. Уг нь таван сарын хугацаанд зураг авалт хийнэ гэж байсан ч коронавирусээс болоод жил гаруй хугацаа зарцуулсан. Ур чадварын хувьд урт хугацааны зураг авалт болсон учир хурдтай ажиллахыг сурсан. Мөн кино багийнхнаасаа их зүйл сурсан сайхан цаг хугацаа байлаа.

-Сургуулиа төгсөөд хэдэн жил болж байна вэ?

-2018 онд их сургуулиа төгссөн.

-Оюутан байхдаа анхны гол дүрээ бүтээж байсан гэж дуулсан. Анхны дүрийнхээ тухай яриач?

-Тиймээ, би оюутан байхдаа “Орилоон” гээд аймшгийн кинонд анхны гол дүрээ бүтээж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бүрэн хэмжээний 12 кино, контентод дүр бүтээсэн байна. Тэдгээрийн 10 нь бараг гол дүр байх шүү.

-Урлагийн замнал тань их дардан, сайхан эхэлжээ.

-Тийм шүү. Сургуулиа төгсөөд л “Хөхөөний үүр” кинонд гол дүр аваад л эхэлсэн. Түүнээс киноны туслах хийгээд л, арын албанд явж үзээгүй.

-Сүүлийн жилүүдэд жүжигчин мэргэжлийн үнэлэмж унаж байна. Олон хүүхэд жүжигчин болж төгсөж байна. Түүнийгээ дагаад өрсөлдөөн их, цөөхөн хэд нь мэргэжлээрээ ажилладаг болов уу?

-Энэ үнэн шүү. Манай ангид гэхэд л 38 хүүхэд байсан. Түүнээс таван хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байна. Миний бодлоор хүний хувь тавилан болов уу гэж боддог. Өнөөдөр надаас хөөрхөн, авьяастай охид кинонд тоглож чадахгүй байна. Тэгэхээр аз байна гэсэн үг л дээ. Мөн хандлага л чухал байдаг байх. Түүнээс ганц рекламанд тоглочихоод их зан гаргаад яваад байвал хэн ч тоохгүй шүү дээ.

-МИНИЙ ХУВЬД ЖИЖИГХЭН БИЕТЭЙ, ЖААХАН ЦАРАЙТАЙ ГЭЭД БҮХ ЮМ НЬ ЖИЖИГХЭН БОЛОХООР ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛОХОД ТОХИРОМЖГҮЙ САНАГДСАН-

-Тайзан дээр жүжиглэх, камерын өмнө жүжиглэх мэдээж ялгаатай. Энэ хоёрын аль нь жүжигчдээс илүү ур чадвар шаарддаг вэ?

-Би театрт дуртай. Миний бодлоор театр жүжигчдийг илүү чадвартай болгодог болов уу. Жишээ нь, театрт нэг дүр авлаа гэхэд хэдэн сар бэлдэнэ, амьдаар хүргэнэ гээд илүү ур чадвар шаарддаг. Кино бол алдсан ч давтаж болох учир арай зөөлөн. Миний хувьд жижигхэн биетэй, жаахан царайтай гээд бүх юм нь жижигхэн болохоор театрын жүжигчин болоход тохиромжгүй болов уу гэж боддог.

-Өнөөдрийг хүртэл 12 кино, контентод дүр бүтээсэн гэж ярилаа. Мэдээж өөр өөр найруулагчтай хамтарч ажилласан байх. Тэр болгонд өөрийгөө эвдэж, эвлүүлж байсан болов уу?

-Нөгөө “Зөөлөн нь хатуугаа” гэдэг үг байдаг шүү дээ. Миний хувьд өөрөө их зөөлхөн хүн учир зөөлхөн найруулагчтай хамтарч ажиллах дуртай. Түүнээс жаахан ууртай, ааштай найруулагчтай таарахаараа стрессдээд байдаг. Найруулагч хүн гэхээрээ л аашлаад л, хүнийг хараагаад байж болохгүй биз дээ. Уран бүтээлийг жаргаж хийх ёстой шүү дээ. Харилцаанаас харилцаа үүсдэг болохоор хүнтэй эвтэй байх юм сан л гэж хичээдэг дээ.

-Хүмүүс таныг “Хөхөөний үүр” киногоор тань илүү таних болов уу. Тэр дүрийн тухай асуухгүй өнгөрч болохгүй байх. Анх зохиолоо уншаад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Их хүнд кино шүү дээ.

-Тийм “Хөхөөний үүр” кино надаас гарах бүх хүч, авьяас, ур чадварыг гаргасан. Тэр кинонд тоглоогүй бол би жүжигчин болж чадахгүй байсан байх. Тиймээс миний уран бүтээлийн бүх эхлэлийг тавьж өгсөн болохоор тэр дүрдээ хайртай байдаг. Мөн тухайн үед өөрт байх бүх ур чадвараа гаргасан. Одоо бол мэдээж өөр, илүү туршлагатай болсон. Зохиолоо анх уншаад их айж байсан. Чадахгүй бол яана аа гээд л.

-Анх проб өгч, дүрдээ сонгогдож байсан уу?

-Үгүй. Би ер нь кино проб өгч үзээгүй. “Хөхөөний үүр” киноны найруулагч нь миний өмнө нь тоглож байсан “Орилоон” киноны найруулагч байсан. Миний жүжиглэлт, бүх зүйлийг мэддэг болохоор “Чи ийм кинонд тоглох уу. Хятадад нэг сар зураг авалтад орно. Чадах уу” гэж санал тавиад анх дүрээ авч байсан. Мэдээж тэр хугацаанд өөрийгөө их бэлдсэн.

Төрөх хэсэг хамгийн хүнд байх болов уу гэж бодоод тэр хэсэгтээ л бэлдээд байсан. Би өөрөө төрж үзээгүй. Тийм болохоор бичлэг үзээд л байсан. Тэгсэн тэр хэсгээ хамгийн сайн давсан.

Манай найруулагч “Нандиа миний дүү их сайжирсан байна. Анх жүжиглэж байсан, одоо жүжиглэж буй хоёр чинь их ялгаатай болсон байна шүү” гэж магтаж байсан. Хэр барагтай хүнийг тэгж магтахгүй шүү дээ, манай найруулагч.

-Миний хувьд “Улаан чулуут”-ын хогийн цэг дээр авсан хэсэг их хүнд санагдсан шүү?

-Тэр хэсгийн зураг авалт их муухай байсан. Яг тэр орчинд нь очиж хоёр хоног зураг авсан. Тэнд амьдардаг хүмүүсийн хувьд ч харилцаа хандлага их муу байдаг юм билээ. Манай зургийн баг дээр ирээд, намайг их харааж, доромжилж байсан. “Чи намайг дууриаж байгаа юм уу. Энэ жаахан хүүхэд байна шүү дээ” гээд л. Тэгээд архи авч өгөөд гайгүй болсон доо.

-Киноны санал ирж байна гэсэн. Дүрийн саналдаа хэр шалгууртай хандаж байна вэ?

-Би их шалгууртай ханддаг. Юм болгонд тоглоод байвал байдаг л нэг жүжигчин болчихно шүү дээ.

Уран бүтээлийн санал ирж байгаа. Тэгээд кино зохиолыг нь уншихаар миний өмнө нь тоглож байсан кинонуудтай адилхан байж таараад байгаа. Арван жилийн охины дүр ч юм уу, эсвэл аймшгийн кино ч юм уу зүгээр л байдаг кинонууд.

Миний хүсэж байгаа дүр ирэхгүй байгаа болохоор киноноос түр завсарлага авсан байгаа.

-Таны хүсэж буй дүр тань юу вэ?

-Миний хүсэж байгаа дүр бол түүхэн дүр. Мөн эсрэг талын дүр байж болох юм. Ер нь бол өөрөөсөө өөр дүр бүтээмээр байна.

-Хүмүүс уран бүтээлээр тань таныг зөөлхөн, уяхан, эрх гэж хүлээж авдаг болов уу. Бидний мэдэхгүй Р.Нандинцэцэгийн талаар ярьвал?

-Би таван нас хүртлээ Хөвсгөл аймагт байсан. Хонь, хурга хариулаад л, хөдөөний хүүхдийн хийдэг бүхий л зүйлийг хийдэг байлаа. Гэхдээ Дархан-Уул аймагт төрсөн. Тэгээд зургаан настайдаа хотод шилжиж ирээд, арван жилээ ШУТИС-ийн лицей сургуулийг төгссөн. Тэгээд л СУИС-д орсон доо. Уг нь өөр мэргэжилтэй болох гэж байгаад халтираад СУИС руу орсон гэхэд болно. Хүмүүс гаднах төрхөөр нь хүнийг их дүгнэдэг. Намайг их гэнэн цайлган, зовлон үзээгүй гэж хардаг байж магадгүй. Би хувь хүн тал дээрээ арай өөр гэж хэлмээр байна. Хүний амьдрал харагдаж байгаа шигээ биш шүү дээ. Ер нь бол амьдралдаа олон зорилго тавьсан, хүчирхэг эмэгтэй болохоор зорьж яваа эмэгтэй байна даа.

-Хэрвээ жүжигчин болоогүй бол инженер болох байсан гэж сонссон?

-Тийм. Холбооны инженер болох байсан. “Мobicom”, “Unitel” зэрэг компанид ажиллах байсан байх даа.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Айлын бага хүүхэд. Гэхдээ айлын том хүүхэд шиг л байдаг. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Аав минь “Хөхөөний үүр” кинонд тоглохын өмнө бурхан болсон. Аавыг бурхан болсноос хойш амьдралаа авч явахын тулд маш их мэрийлттэй, зогсоо зайгүй зүтгэж байна. Юу ч гэмээр юм бэ дээ ажил голохгүй, зүгээр байж чаддаггүй, энерги ихтэй тийм хүн. Кино зураг авалтгүй үедээ өөр газар ажилладаг ч гэх юм уу.

-Өнөөгийн нийгэмд залуу уран бүтээлчид уран бүтээлийн ашиг орлогоороо амьдрах боломж бий юү?

-Боломж байхгүй шүү дээ. Ар гэр жаахан чинээлэг эсвэл боломжтой нөхөртэй бол л урлагаар амьдрах боломжтой байх. Түүнээс ар гэрийн дэмжлэггүй бол урлаг хатуу ханддаг. Урлагийн хүмүүс ер нь их мөнгөтэй байдаг шүү дээ. Гадна харагдаж байгаа шигээ биш ээ л гэж хэлмээр байна.

-Хүмүүст танигдаад ирэхээр амьдралд тань олон өөрчлөлт гарсан болов уу?

-Тийм ээ. Гадуур явахаар хүмүүс мэр сэр таньдаг. Зарим нь шууд таньж байхад, зарим хүн “Хаана харлаа” гэдэг ч юм уу. Ямартай ч мэддэг болчихсон байна лээ. Тиймээс хийж байгаа үйлдлүүд минь хязгаарлагдмал болж эхэлсэн. Хүмүүст муухай харагдаж болохгүй, биеэ зөв авч явах ёстой гэх мэт олон зүйл минь аяндаа өөрчлөгдсөн дөө.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Ergelt.mn Г.Жавхлантгарьд

Үндсэн эхийг ЭНД дарж уншина уу

error: Content is protected !!