Өнцөг

Нийгмийн өнцөг

Их хотын залуусын чөлөөт хувцаслалтыг илэрхийлсэн “Rock shoot” нэртэй арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон энэ ажиллагаанд гэрэл зураг сонирхогч залуус болон Аll goth, punk, metalheads, emo, e girl/boy, alternative, grunge, harajuku зэрэг стайлын залуус нээлттэй оролцсон.

Ирсэн залуусын зургийг гэрэл зурагчид олон талаас нь авсан бөгөөд цахим орчинд дэлгэсэн юм. Тэдэн дундаас өнгө төрхөөрөө тодорч, олны анхаарлыг хамгийн их татсан Ж.Мөнхтэмүүлэнгийн яриаг хүргэж байна.

-Сайн уу, манай уншигчдад өөрийнхөө талаар товчхон танилцуулаач.

-Намайг Ж.Мөнхтэмүүлэн гэдэг. Кацуки гэж дууддаг. 118-р сургуулийг төгссөн. Солонгос-Монголын хамтарсан политехник коллежид 2,5 жилээр сурч, Сэргээгдэх эрчих хүчний мэргэжил эзэмшсэн.

Rock shoot” өдөрлөгт очих болсон шалтгаан юу вэ. Ийм өдөрлөг болохыг хүлээдэг байсан уу?

-“Гэрэл зураг сонирхогчид” группийн админ анх энэ санааг гаргаж, уриалсан. Үүнд нь үнэхээр их баярласан. Өөртэйгөө адилхан ертөнцтэй хүмүүстэй уулзах их сайхан байсан. Миний хувьд үйлчлэгчийн хувцас өмссөн. Дунд сургуулийн дүрэмт хувцас биш юм.

Тэр өдөр энгийн, өдөр тутмын хувцастайгаа явж байгаад талбайн ойролцоо сольж, арга хэмжээнд зориулсан хувцсаа өмсөөд цааш явсан. Энэ үед “Хүмүүс юу гэж бодох бол, буруугаар ойлгох вий” гэж бага зэрэг эмээсэн. Гэхдээ “Rock shoot”-д очиж байна гэхээр сэтгэлд баяр төрж, бусад хүмүүсийн бодлоос айх айдас арилсан. Тэнд очсон хойно юунаас ч санаа зовохоо больж, яг л миний байх газар юм шиг мэдрэмж авсан.

-Дүрд хувирах санаагаа яаж олсон бэ. Яагаад үйлчлэгчийн хувцас өмсөх болов?

-Би cosplay /costum play/ талын зүйлд их сонирхолтой. Энэ нь ямар нэг дүрд хувирахыг хэлдэг. Тиймээс дүрдээ хувирахын тулд оёдол, make up зэргийг тодорхой хэмжээнд хийдэг байх хэрэгтэй. Өмнө нь ч дүрд хувирч байсан. Ерөнхийдөө дүр хувиргалтын хувцсаа өөрөө оёдог. Гэхдээ “Rock shoot” дээр өмссөн хувцас манай найзынх байсан. Хувцсаа оёход хүндрэлтэй байвал дүрд хувирах сонирхолтой найзуудаасаа тусламж авдаг. Тэр өдөр дүрдээ гоё хувирахын тулд өөрөө нүүр хувиргалтаа хийгээгүй, найзаараа будуулсан. Ер нь найзуудынхаа тусламжийг авч cosplay арга хэмжээнүүдэд оролцдог.  “Rock shoot” дээр эмэгтэй найзтайгаа хамт очсон.

-Цахим орчин дахь сэтгэгдлүүдийг харахад муухай үгээр хэлж байгаа хүмүүс цөөнгүй байсан. Үүнд хэр эмзэглэж байна вэ?

-100 хүн дундаас гоё байна, задгай байж чадсан байна гэх нь олон харагдсан. Гэхдээ заавал ч үгүй буруу тал руу нь эргүүлж, муугаар хэлэх хүмүүс байдаг юм билээ. Би түүнд нь эмзэглэж, янз бүр болоогүй. Харин инээд хүрээд байсан гэх үү дээ. Хүн дуртай хувцаслалтаараа хувцасласан байхад яагаад ингэж илүү зан гаргаж, ийм үг хэлж байгаа юм бол гэж бодсон. Сөрөг хүмүүсийн үгийг хувьдаа өлгөж авч, өөрийгөө зовоомооргүй байна. Зүгээр л тоохгүй байхад болно доо.

-Энэ дүр нь ямар нэгэн илэрхийлэмжтэй юу?

-Би анимэ үзэх дуртай л даа. Надаас гадна cosplay хийж дүрд хувирсан дөрөв, таван хүүхэд байсан. Бусад нь яг өөрсдийн сонирхдог Аll goth, punk, metalheads, emo, e girl/boy, alternative, grunge, harajuku гэх зэрэг стайлаар хувцаслаж ирсэн. Гэхдээ дүр маань анимэ болоод миний дотоод ертөнц, үзэл санаатай шууд холбоотой. Анимэ дээр эмэгтэй хувцаслалт иймэрхүү байх талтай байдаг. Гэхдээ юмыг заавал нэг өнцгөөс хараад, эмэгтэй хувцсыг эмэгтэй л хүн өмсөнө гэсэн юм байхгүй шүү дээ. Эмэгтэйчүүд эрэгтэйлэг хувцаслахыг нийгэм хүлээн зөвшөөрдөг хэр нь ээ эрэгтэй хүн эмэгтэй хувцас өмсөхөөр хүлээж авахгүй байна.

Эмэгтэй хувцас өмсөж, жендерийн ялгаварлалыг зогсоох гэж гадаад орнуудад олон хүмүүс хувцаслалтдаа өөрчлөлт оруулдаг. Дуртай дүрээ янз бүрийн хувцас өмсүүлж хардаг. Эдгээрийг харахаар маш гоё санагддаг. Тиймээс л тэр дүрд хувирсан юм. Ер нь яагаад болохгүй гэж.

-Хэрвээ Rock shoot уулзалт  болоогүй бол тэр дүрдээ хувирах байсан уу?

-Ийм уулзалт, өдөрлөг болоосой гэж их боддог байсан. Энэ өдөрлөг болоогүй байсан ч би хэзээ нэг өдөр хотын төвөөр ийм стайлын хувцсаа өмсөөд, найз охинтой байсан бол хамтдаа өөрсдийн хүссэнээр хувцаслаад л алхах сан гэж…

error: Content is protected !!