Өнцөг

Нийгмийн өнцөг

Дэлхий дахинаа коронавируст цар тахал тархсанаас хойш манай улсын Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын албаны хамтарсан тандалтын баг ажиллаж байгаа юм. Тус багийн судлаачид нөхцөл байдалд дүгннэлт хийснээ Засгийн газар, Онцгой комисст танилцуулж, цаашид авах арга хэмжээг тодорхойлдог. Тандалтын баг энэ удаад коронавирусын халдвар сүүлийн 20 гаруй хоногт огцом нэмэгдсэнд судалгаа хийж, дүгнэлт гаргасан байна. Судлаачдын дүгнэснээр коронавирусын энэхүү огцом тархалт нь төрийн шагнал гардуулсан үйл явцаас болжээ. Сүүлийн 20 гаруй хоногт Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн 16 мянган одон медаль гардуулжээ.

Үүний 11 мянга нь “Алдарт эхийн одон” байжээ. Үлдэх дөрвөн мянга нь бусад цол медалиуд юм байна. Шагнал хүртэгсдийн 8700 нь одон медаль гардсаныхаа дараа дайллага цайллага хийжээ. Тэндээс коронавирусын халдвар огцом тарсан байгаа юм. Ер нь бол одон медаль бүрийн ард дайллага цайллага болж, олуулаа цуглаж халдвар хамгааллын дэглэм зөрчсөн нь халдвар тархалтын үндэслэл болжээ. Үүний улмаас вакцин хийлгээгүй хэсэгт хүчтэй нөлөө үзүүлж, халдварыг 1.5 дахин нэмэгдүүлсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр энэ талаар “…Халдвар авч байгаа 10 хүн тутмын ес нь вакцингүй буюу өдөр бүрийн халдварын тохиолдлын 90 хувь нь вакцинаа хийлгээгүй иргэд байна. Сүүлийн гурван өдөр халдвар авсан 6600 гаруй хүний 6000 нь буюу 90 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээгүй, огт хийлгээгүй, нэг дэх тунг хийлгэсэн , хүнд өвчтэй буюу дархлаа сул хүн, хүүхдүүд байна.Харин хоёр дахь тунг тариулаад 14-өөс дээш хоносон иргэд хамрын ханиад мэт халдвар авч эрсдэлээс бүрэн хамгаалагдаж байна” гэв.

Улмаар шагналын дундуур сонгууль залгаж, орон нутагт тархах үндэслэл болсон гэж дүгнэлтэд дурдсан байна. Өдгөө манай улсын хүн амын 30 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан. Харин үлдсэн 70 хувь нь эмзэг, тэр дундаа хүүхдүүд байгаа юм. Тодруулбал, коронавирусын халдварын тархалт нь 47 мянган жирэмсэн эхчүүдэд цохилт болж очсон байна. Одоогоор халдвар авсан хүмүүсийн 25 хувь нь шинж тэмдэггүй. Үлдсэн 75 хувийг эмчилж хамгаалах шаардлагатай. Харин 0.55 хувьд хүндрэл үүсч болзошгүй байгаа ажээ. Түүнчлэн олон давхар судалгаа, мэдээллээр вакцины үр дүнд эргэлзэх шаардлагагүй болох нь тогтоогджээ.

Өнөөдрийн 11:00 цагийн мэдээллээр 19 аймгийн 119 суманд хязгаарлалт тогтоогоод байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 37 мянган ААН-үүдийг шалгаж халдвар хамгааллын дэглэм сахиулж байна. Халдварын тохиолдол өндөр байгаа тул хөл хорио тогтоолгүй, хязгаарлалтын дэглэм тогтоож байна. Үүний хүрээнд амралт, жуулчны газруудыг 7 хоногоор хааж, хоолны газрууд танхимаар үйлчлэхийг түр хориглоод байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11540 хүнд шинжилгээ хийхэд 2642 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 85770 боллоо. Илэрсэн халдварын 1733 нь нийслэлд, 908 нь орон нутагт байна. Өнгөрсөн 24 цагт 37-95 насны 11 хүн нас барлаа. Нэг өдөрт 512 хүн эдгэрч, гэрийн хяналтаас 59 хүн эдгэрч гарсан. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 10248 хүн эмчлүүлж байгаагаас 189 хүний бие нэн хүнд байна.

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Манай улсын хувьд дархлаажуулалтад дөрвөн төрлийн вакциныг хэрэглэж байгаа. Нийт хүн амыг дархлаажуулж буй вакцин бол Хятадын Синофарм. Тус вакциныг ДЭМБ албан ёсоор зөвшөөрсөн. Халдвар ихсээд байгаа шалтгаан нь хөл хөдөлгөөнтэй шууд хамааралтай. Сүүлийн үед хөл хөдөлгөөн нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор халдварын тохиолдол нэмэгдэж байгаа.

Нас баралтын тухайд гэвэл өнөөдөр нас барсан 11 хүний ес нь вакцинд хамрагдаагүй байсан. Үлдсэн хоёр хүний нэг нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн нөгөөх нь хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоног болоогүй байсан. Нас барж буй хүмүүсийн дийлэнх нь хавсарсан суурь эмгэгтэй” гэлээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

error: Content is protected !!