Өнцөг

Нийгмийн өнцөг

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.16) хуралдаан 11 цаг 04 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. 

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, Улсын Их Хурал тогтоол баталсан билээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно” гэж заасан. Энэ дагуу Улсын Их Хурлын даргын 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн захирамжаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай Улсын Их Хурлын 1993 оны 40 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Энэ үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд танилцуулсан юм.

Тэрбээр, Улсын Их Хурлын 1993 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд өнгөрсөн хугацаанд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Хамгийн сүүлд уг журамд 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг журамд зарим өөрчлөлт оруулах саналаа Төрийн ёслолын хэлтсээс Ажлын хэсэгт ирүүлсэн. Энэ үндсэн дээр журамд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзсэнийг дурдав.

Уг журамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулсан байхаар, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулахаар зохих бэлтгэлийг хангасан байхаар тусгажээ. Журамд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны “Их Монгол” танхимд морилно. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэхээр заасан байна.

Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ. Ерөнхийоөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэхээр заажээ. Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд явуулахаар тусгагджээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуулын хамгаалалт дор байранд нь буцаан зарлахаар журмын төсөлд тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолыг төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Үндэсний ном, бичиг соёлын өдрийг жилд хоёр удаа нийтээр тэмдэглэдэг болно

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Нэр бүхий гишүүдээс 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн танилцуулгыг төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.”, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.7 дахь хэсэгт “Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг байна”, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1 дүгээр зүйлийн 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжпал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж тус тус заасан.

Дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг, зарим улс орон үндэсний баярын хэмжээнд хүндэтгэн дээдэлж, тэмдэглэсээр иржээ. Тэдгээр орнууд энэ өдөр бие биедээ ном бэлэглэж, зохиолч, нийтлэгчид өөрсдийн ном зохиолоо түгээн дэлгэрүүлэх зэргээр тэмдэглэж өнгөрүүлдэг байна.

Манай улсын хувьд 2000 оноос эхлэн зарим төрийн бус байгууллага өөрсдийн санаачилгаар “Үндэсний номын баяр”-ыг олон янзын хэлбэрээр тэмдэглэж ирсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригт “Номын баярын өдөр” арга хэмжээ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэснээр зохиолч, хэвлэн нийтлэгчид болон уншигчид уг арга хэмжээнд идэвхтэй оролцож, жилээс жилд хүрээгээ тэлсээр өдгөө иргэд, хүүхэд залуусын хүсэн хүлээдэг тэмдэглэлт өдрүүдийн нэг болжээ.

Иймд иргэдийн ном унших идэвх, санаачилгыг дэмжих, гэр бүл, байгууллагын номын сангийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн уншигчдыг төлөвшүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг бодитой үнэлэхэд дэмжлэг болох, ном уншлагыг дэмждэг хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, номын үйлчилгээ, хүртээмжийг иргэдэд ойртуулах зорилгоор номын баярыг жил бүр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх эрэлт, шаардлагыг үндэслэн нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслөөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн 5.1.17 дахь заалтыг нэмэхээр зохицуулжээ.

Хууль батлагдсанаар хууль хэрэгжүүлэхтэй холбоотой ямар нэгэн зардал гарахгүй гэдгийг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдаад Үндэсний ном, бичиг соёлын өдөртэй болсноор бүх нийтийн амралтын өдрийг нэмж байгаа бус энэхүү өдрийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдөр буюу бямба, ням гарагт нийтээр тэмдэглэдэг байхаар зохицуулж буйг онцоллоо.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ё.Баатарбилэг нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд гишүүдийн асуултад төсөл санаачлагч гишүүн Б.Саранчимэг, Ч.Ундрам нар хариулт өгсөн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.

error: Content is protected !!